Thursday, December 8, 2011

эсээ

ШАТ
/эсээ/
    Олон ч шатаар өгсөж уруудаж дээ? Тоог нь гаргах аргагүй болжээ. Цор ганцаараа баяр хөөртэй, уйтгар гунигтай эсвэл  найз нөхөдтэйгээ, хань ижилтэйгээ, үр хүүхэдтэйгээ, шавь нар дүү нартайгаа, аав ээж, ах дүүстэйгээ хамт шатаар бишгүй л уруудаж, бишгүй л өгсөж. Тэр тоолонд арван хэдэн насны нэгэн дурсамж байнга сөхөгдөнө.
     Анх намайг төрөхөд л гэрийнхэн маань МОМО гэж нэрлэсэн гэдэг юм. Сүүлд эмээ монхор бор юм төрөхөөр нь өхөөрдөөд ингэж дуудцгаасан гэж билээ. Бараг л сургуульд ортлоо өөрийнхөө албан ёсны нэр БАТХУЯГ гэдгийг мэддэггүй байлаа. Заримдаа ирц бүртгээд багш нэр дуудахад “Батхуяг гэдэг чинь хэн билээ” гэж бодож суусан удаатай. Одоо ч найз нөхөд, их л дотны хүмүүс минь, хайртай дүү нар бүгд  МОМО гэж дууддаг. Энэ нэрэндээ ч би дуртай. Харин өнөөх байнга сөхөгддөг дурсамж минь ийм учиртай.
     Дунд сургуулийн долдугаар ангийн сурагч байхдаа МОМО нэртэй дэлхийн түүхэнд тодорсон суут хүн байдаг эсэхийг хайж билээ. Нилээдгүй хугацаанд хайсан боловч олоогүй юм. Их л сэтгэлээр унасан санагдана. Аргаа бараад дунд сургуулийн түүхийн багшаасаа асуусан юмдаг. Харин багш орос хэлээр нэвтэрхий толь шүүрдэж шүүрдэж МОМО ГИУЗЕППЕ гэдэг итали эр дэлхийд нэртэй уран барималч байдаг юм байна гэсэн баяртай мэдээ дуулгав. Хожим тэр итали эр 1932 онд Италийн Ватиканы музейн дэлхийд хосгүйд тооцогддог ШАТ-ыг  хийсэн гэдгийг мэдэж авсан юм. Тэгээд олон хоног ер бусын гайхамшигтай ШАТ хийх мөрөөдөлд автав. Тэр Италиас лав би илүү шат хийнэ дээ? Адилхан нэртэй хүн маань алдартай ШАТ хийсэн байхад би ядаж модон шат ч хийгээгүй гэж гутарсан тал ч бий. Английн хатан хааны ордонд Тупил нэртэй алтан зул цэцгийн шат байдгийг дуулаад үзэхсэн гэж их мөрөөдөж билээ. Зарим шөнө хоосон агаарт үл үзэгдэх шат хийчихээд өгсөж явна гэж зүүдлэсэн санагддаг юм. Ер бусын шат гэхээр тийм л үл бүтэх уран сэтгэмж намайг эзэмдэж байсан ажээ. Агаарт үл үзэгдэх шат хийгээд тэнгэрт хүрэх санаа минь одоо ч хааяа толгойд эргэлддэг гэвэл итгэх хүн ховор биз. Хүүхэд насны гэгээн дурсамж минь одоо ч шатаар өгсөх уруудахад хааяахан  бодол дундуур шурган орж ирдэг юм.
     Харин энэ хэсэг бол өөр ШАТ-ны тухай эргэцүүлэл. Нэгэн өвгөн багш минь “би чиний утга зохиолын өмнөх шат. Чи над дээр гишгэж өөдөө өгссөн. Би байгаагүй бол чи дээш гарахгүй” гэж загнах занах хоёрын дундуур айлгаж билээ. Манай утга зохиолд ингэж хүндлэл хүлээхийг, хүндлэхийг шаардагсад тийм ч цөөнгүй. Багшийн хэлснээр бол хамгийн аймаар нь би хүн дээр гишгиж дээшээ гарсан болчихоод байлаа. Эсвэл би хүний хормойноос зүүгдээд, дараа нь бэлхүүсээр нь тэврээд, эцэст нь мөрөн дээр нь гараад одоо толгой дээр нь суучихсан юм шиг санагдаад байв. Өвгөн багшийн хэлсэн үгийг үнэн гэж тооцвол би бусдыг хайр найргүй гишгилж шат өгссөн өөдгүй этгээд болж таарав. Үнэнийг хэлэхэд зарим хүнээр би ном заалгасан минь үнэн ч өөрийн муугаас болж юу ч сураагүй юм. Гэтэл зарим хүнээр би ном заалгаагүй мөртлөө асар их зүйл сурч авсан байгаа юм. Тийм байтал би ном заасан бүгдийг багш гэж дуудаад доогуур харж, дорой царайлж явах ёстой болж таараад байв. Бас болоогүй өмнөх шат гэж хүндлэх ёстой болов. Гэтэл тийм түвшний уран зохиолын ШАТ-уудыг би аль арван хэдэн насандаа гишгилгүй үсрээд гарчихсан байдаг.
    Саяхан даа? Сантиего хотод метроны шатыг төгөлдөр хуурын даралт шиг хар цагаан өнгө алаглуулсан хийсэн гэнэлээ. Бас болоогүй өнөөх шатан дээр хүмүүс гишгихээр хөгжмийн аялгуу эгшиглэдэг гэж байгаа. Уянгалаг сайхан хөгжим эгшиглэх шатаар бүгд өгсөж, уруудах дуртай байх нь тодорхой. Харин манай хотын ихэнх шат шиг өвөл мөсөн гулгуурын талбай шиг гялайгаад байвал хэн түүнд дээр гишгиж, халтирч унаад гэмтэж бэртэхийг хүсэх билээ.
   Өвгөн багшийн хэлснээр өмнөх үе нь дараа үеийнхээ ШАТ болдог юм бол би Сантиего хотын метроны шат шиг байхыг хүснэм. Энэ л бодол минь уран зохиолын ШАТ-тай ямар холбоотой вэ? Олон хүн намайг алгасаад харайчихаж болох биш үү? Би хичнээн сайхан хөгжим аялгуу цуурайтуулаад байвч ирээдүйн утга зохиолын хүмүүс намайг тоож  гишгихгүй байж болох уу?  гэсэн эргэлзээ бодлуудтай минь холбоотой санагдана. Нэг талаар би ямар утгагүй зүйлд санаа зовж байгаа мэт боловч нөгөө талаар хүн гишгиж өгсдөг ШАТ байх ямар нэгэн далдын хүсэлд хөтлөгдөөд байгаагаа мэдэрнэ. Ийм хүсэл зохиолч бүхний дотор байдаг гэдгийг би мэднэ. Зарим нь түүнийгээ маш сайн нууж сурсан байдаг юм. Зарим нь тэр далдын хүслээ шууд л ил цагаан илэрхийлдэг. Гэхдээ ШАТ гэж даруухан санахаасаа илүү өөр сүнслэг чанарт аваачиж илэрхийлдэг үзэгдэл уран зохиолд бий. Тиймээс л өнө мөнх та нарын дунд оршиж, цагийн цагт та нар намайг санаж, би сэвэлзэнэ, шуурна, үлээнэ гэсэн шүлэг бичсэн байдаг юм. Нэр тодорхойгүй нэгэн шүлэгчийн иймэрхүү утгатай “БИ” гэдэг шүлгийг хэдэн жилийн өмнө “БИЙРБЭХ”-ээс уншиж байсан юмдаг. Ийм итгэл үнэмшилтэй байх буруу  биш. Харин ШАТ болохын тулд ядаж тэр ШАТ-ны нэг гишгүүр байхын тулд уран зохиолд ямар их авьяас, тэмцэл, зориг хатуужил хэрэг болдгийг гадарладаггүй байх нь буруу.
     Саяхан даа? Миний орж сонирхдог нэг интернет сайтад “Энэтхэгийгийн Веедийн уран зохиолын гол судар Аюурвеедэд хүн төрөөд 2-3 сарын дараагаас үхэж эхэлдэг, амьдрал гэдэг үхэхийн өмнөх шат” гэж бичсэн байдаг тухай үгүүлжээ. Амьдрал гэдэг үнэхээр үхэхийн өмнөх ШАТ юм шүү? Эртний энэ гүн ухаан бидэнд Амьдрал –ШАТ гэдэг философи төсөөллийг таниулж байгаа юм. Бага залуу насандаа ШАТ өөд өгсөж яваа юм. Өгсөх мэдээж удаан, уруудах бол хэд харайгаад л гүйцээ. Хэдий хүн бүхэн мэддэг энэ сэдвээс л хүүхэд насны минь дурсамжийн нэгээхэн хэсэг үргэлжилнэ. Агаарт хэзээ ч хэнд ч үзэгдэхгүй ШАТ бүтээхсэн, тэгээд тэнгэрт хүрэхсэн  гэдэг мөрөөдөл. Хоосон чанарын ШАТ. Тэр ШАТ мэдээж олон гишгүүртэй байна. Яг л хоосон чанарт хүрэх шиг.
     Надад бас нэг эсрэгцэл байна. Аюурвеедэд бичсэнээр” амьдрал гэдэг үхэхийн өмнөх шат” юм бол “үхэх гэдэг бас амьдрахын өмнөх шат” болно. Ганц л амьдарна гэж үзээд асар их зоригтой байдаг хүмүүсээс би их айдаг. Тэд одоо олз идэш арвин бол маргааш юу учрах, юунд унахыг мэдэхийг хүсдэггүй. Тэд арилжаа наймаа, ашиг орлогоо бодоод амьдарна. Мөн чанар хийгээд үйлийн үр, зовох болоод жаргахын шалтгаан, амьдрахын утга учир тэдэнд ямар ч хамаагүй.  Гэтэл уран зохиол бичдэг хүн ийм бодолтой, тийм байдалтай амьдардаг бол жинхэнэ “үлгэр жишээ” МУНХРАЛ мөн. Тэр мунхралаа муйхар эр хар зоригтоо найдаж, хамгаас тэргүүнд тавиад уран зохиолыг мунхрал дундуураа оруулах гээд зүтгэдэг “юм бичдэг” хүмүүсийн /тэдэнд зохиолч гэдэг нэр арай л хүндэднэ / олныг мунхруулах зориг зүрхээс бүр чиг их айдаг юм. Гэвч утга зохиолд дан ганц эр хар зоригоор амжилтанд хүрдэггүй гэдэг нь ойлгомжтой.
    Хэрэв тийм биш байсан бол 723 роман /эрүүл аж төрөхийн номнууд хүртэл энэ тоонд багтана / бичсэн Барбара Картланд Геннесийн номонд биш харин уран зохиолын түүхэнд бичигдэх байлаа. Энэ эмэгтэй 1983 онд нэг жилд 26 роман бичсэн гэгдэж Геннесийн дээд амжилтыг тогтоосон байгаа юм даа? Бүх зохиолууд нь хайр дурлалаар эхлээд хуримаар төгсөнө. Манай уран зохиолд ч ийм Картландууд улам олширсоор...
   Эцэст нь МУНХРАЛ, ШАТ хоёр ямар холбоотой вэ? гэсэн асуулт л үлдлээ. Хамгийн товчхондоо МУНХРАГЧИД хэзээ ч ШАТ болдоггүй. Тэгэхээр ямар ч холбоогүй...
                                     ШАТ бол хэзээ ч ШАТ л байдаг.
                                                                                                                           2011-09-28